“Соёл” нь хүний үйл ажиллагааны үр дүн болж, үеэс үед өвлөгддөг үнэт зүйлс, өөрөөр хэлбэл, мэдлэг, итгэл үнэмшил, ёс суртахуун, зан заншил болон бусад дадал, чадварыг багтаасан цогц ойлголт юм. Хүний сурах ёстой зүйлс хүнд өөрт нь байдаггүй, харин оршин буй соёлд нь байдаг. Хүн соёлд дасан зохицох төдийгүй, бас соёлыг эзэмшиж өөриймшүүлж байдаг. Соёл гэдэг үг нь “cultura”-латин хэлний “газар боловсруулах”, “хүмүүжил, хүндлэл” гэсэн утгатай. Яваандаа оюуны болон материаллаг үнэт зүйлсийг тэмдэглэх утгатай болжээ. Соёл судлал нь бие даасан шинжлэх ухааны хувьд XX зууны эхэн үед бүрэлдэн тогтжээ. Энэхүү нэр томёог анх Америкийн антропологич Лесли Уайт (1900-1975) шинжлэх ухаанд хэрэглэсэн байна. Энэ үеэс эхлэн дэлхийн олон оронд эрдэм шинжилгээ болон сургалтын төвүүд байгуулагдаж , соёл судлалын бүтээлүүд хэвлэгдэх болжээ.
Соёл дараах онцлог шинжүүдтэй. Үүнд:
– Соёлыг бүтээх болон эзэмших явдал бол ямар нэг ид шидийн хүчний илрэл биш, хүний уураг тархи, оюун ухаантай холбоотой. Соёл хүмүүсийн хамтын амьдралын явцад тодорхой хэрэгцээг дагаж бүтээгддэг.
– Соёл нь хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм. Хүн нийгэмшинэ гэдэг нь соёлд хуримтлагдсан амьдрах ёс, жишиг загварыг өөриймшүүүлж буй хэрэг юм.